ИННОВАЦИ, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙН
ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Инноваци гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамрана.
19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инноваци” хэмээх ойлголт анх орж ирсэн. Анхандаа нэгээхэн соёлын зарим нэг элементийг нөгөө талын соёлд нэвтрүүлэх утга санааг илэрхийлдэг байжээ. Голчлон тухайн үедээ Европ маягийн ахуй амьдрал, үйлдвэрлэлийг зохион байгуулах аргыг Ази, Африкийн нийгэмд нэвтрүүлэх тухай яригддаг байж. 20-р зууны эхээр австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл...” гэсэн утгаар ашигласан нь үндсэн утгаа одоо хир нь алдаагүй л байгаа. Анхдагч судлаачид:
- Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
- Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших,
- Шинэ зах зээл нээх,
- Шинэ түүхий эд гарган авах,
- Үйлдвэрлэлийн салбаруудыг зохион байгуулах гэсэн төрлүүдээр
ангилан авч үзжээ. Энэ ойлголт хожим шинжлэх ухаан, технологийн салбарт мөн үйлдвэрлэл, үйлчилгээний талбарт ч мөн ялгаагүй хэрэглэгдэх болсон билээ. Орчин үед “Инноваци” /innovation/ гэсэн ойлголт ерөнхий утгаараа “шинэчлэх” гэсэн утга санааг илэрхийлж байна. Инноваци нь товчоор томъёолбол ямар нэгэн бүтээлч санаанаас бодит мэдлэгийг бий болгох, түүнийгээ үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэгдэх, өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ арга зүй, менежмент болгох үйл ажиллагаа гэж ойлгож болно. Инновацийн онолыг үндэслэгч Й.Шумпетерээс авхуулаад Я.Кук, П.Майерс, Б.Твисс, М. Додгсон болон олон олон судлаачид өөр өөрийн гэсэн онцлогтойгоор олон талаас нь шинжлэн янз бүрээр тодорхойлсон байдаг ч эцсийн дүндээ үндсэн санаа нь адилхан байдаг. Олон улсын хэмжээний стандарт ойлголтыг нэг мөр болгоход “Фраскатын удирдамж”, “Ослогийн удирдамж” гэсэн хоёр баримт бичиг чухал үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал,
1993 оны Фраскатын удирдамж /тус онд Италийн Фраскати хотод Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас баталсан баримт бичиг/-д инновацийг “шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессыг боловсронгуй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон бол 1996 оны Ослогийн удирдамжинд “технологийн хувьд цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэхийг инноваци гэнэ” хэмээн тодорхойлжээ. Харин манай МУ-ын шинжлэх ухаан технологийн хуулинд “инноваци гэдэг нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” гэж тодорхойлжээ. Энэ бүх тодорхойлолтуудаас харахаар инновацийг хэмжих үндсэн шинжүүд /шалгуурууд/ нь:
- Шинжлэх ухаан, технологийн хувьд шинэлэг,
- Практикт хэрэгжихүйц,
- Зах зээлд арилжаалагдах шинжтэй байх. Энэ бүх чанараараа хэрэглэгчдийн тодорхой эрэлт хэрэгцээг хангаж байж чадахуйц байх явдал юм.
Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүн, эсвэл шинэ процесст шингэж бүтээгдсэн шинэлэг санаа л “инноваци” болж байна.
Европын холбооны улсуудад 2 жил тутам сайн дурын Хамтын нийгэмлэгийн Инновацийн тандан судалгааг гишүүн орнууддаа явуулдаг байна. Гишүүн орнуудын инновацийн түвшинг тогтоох, шинэ инновацийн үйл ажиллагааг нээн илрүүлэх зорилготой индикатор асуултуудыг агуулсан асуулга бөгөөд улс орнуудад өөрийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг харьцуулан жиших, инновацийн бодлогоо зөв тодорхойлох боломжийг олгодог. 2007 онд манай улс Үндэсний инновацийн хөтөлбөрийг боловсруулсан нь инновацийг нэвтрүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал алхам болсон гэж үздэг.
Инновацийн суурь ойлголтон дээр нарийн анхаарах нь зүйтэйг эрдэмтэд цохсон байдаг. Инновацийг бүтээлч шинэ санаа, шинэчлэл гэсэн ойлголтуудтай хольж ойлгох хандлага элбэг байдаг. Ялгааг нь авч үзвэл:
o Бүтээлч шинэ санаа /creativity/ - Энэ нь шинэ санаа, сэдэл, төсөөллийг бий болгохыг хэлнэ. Нээлт, зохион бүтээлт, патент, бүтээгдэхүүний тэмдэг, шинэ санаагаа саналын хэлбэрээр илэрхийлэх, шинэ юмуу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, ноу хау, стандарт, зөвлөгөө, аргачлалын хэлбэрээр, зах зээлийн судалгааны үр дүнгийн хэлбэрээр тус тус илэрдэг. Мөн шинэ санаа, зүйлийг өөрийнхөө хэрэгцээг хангах, худалдах зорилгоор бүтээдэг.
o Инноваци - Шинэ сэдлээ бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох явц нь юм. Шинэ зүйл хийхийн тулд маркетингийн судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт- технологийн бэлтгэл ханган үр дүнг тодорхойлдог. Ингэсний дараа обьектыг өөрчлөн шинэчлэх, тодорхой үр дүн гаргах зорилгоор шинэ зүйлийг нэвтрүүлсний эцсийн үр дүн нь инноваци байна.
· Шинэчлэл /reform/ - Макро түвшний өргөн хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ.
· Инноваци - микро түвшинд өрнөж буй шинэчлэлүүдийн тухай ойлголт юм.
Инновацийн бодит жишээ бол өнөөгийн бидний өргөн хэрэглээ болоод байгаа персональ компьютер юм. 20-р зууны 40-өөд оноос тооцоолох техникийн хөгжил илүү хүчтэй компьютер зохион бүтээхэд чиглэсэн. Том том танхим, асар хүчтэй эрчим хүч шаарддаг, дамжуулагчийн үүрэгтэй программистийн тусламжтайгаар үүргээ гүйцэтгэдэг байсан компьютерийн программ хангамжийн нэгэн үе солигдоход өмнөх үеийн бүтээгдэхүүн, удирдлагын аргууд гээгдсээр л байв. Үүнийгээ дагаад ээлж дараалсан амжилтууд ар араасаа хөвөрч инноваци шууд амжилтыг авчирснаар, үйлдвэрлэл, удирдлагын үр ашгийг дээшлүүлэн хүмүүсийн ахуй амьдралыг сайжруулах өндөр боломж авчирдагийг харуулж байгаа тод жишээ болно.
Гэвч инновацийн сөрөг талыг харахгүй байж бас болохгүй.
1. Зарим шинэ зүйл эрс хохирлыг авчирах нь бий.
МУ 1990-ээд онй эхнээс зах зээлийн нийгэмд шилжин эдийн засгийн шинэчлэл хийхдээ “Цочир эмчилгээ”-ний загвараар эхэлсэн гэж сонин хэвлэлээр бичиж байсан. Гэтэл тэр нь тухайн үедээ хямралын эх үндсийг тавьж эдийн засгийн бүх салбар уналтад орж, ажилгүйдэл, ядуурал газар авсан.
2. Шинэ мэдлэг, бүтээлээс инноваци гарган авахад үлэмж хэмжээний материал, санхүү, хүн хүчний хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Ялангуяа мэдээллийн технологи зэрэг хурдацтай түргэн хөгжиж байгаа салбарын инновацид тод ажиглагддаг.
3. Шинэ зүйл нь өмнөхөө шахан гаргаж байдаг.
Жишээ нь телевиз, интернэт дэлгэрснээр ажил амралтандаа өргөн ашиглаж байсан номын хэрэглээ огцом багасав. Гэтэл хүн төрөлхтөний хуримтлуулсан мэдлэгийн үндсэн хэсэг одоохондоо интернэтэд бус номын санд хадгалагдаж байгаа.
Инноваци бий болгох судалгаа шинжилгээнээс эхлээд маркетингийн боловсруулалт хийх хүртэл явуулж байга бүх төрлийн ажиллагааг инновацийн үйл ажиллагаа гэнэ. Эдийн засгийн хөгжилд үзүүлж буй ач холбогдол, нөлөөллийн түвшинг харгалзан шинэлэг байдлаар нь инновацийг:
- Суурь инноваци
/Бүтээгдэхүүн, технологийн процесс бүхэлдээ шинэ буюу эсвэл тэдгээрийн зарим элементийн үүрэг, шинж чанарт өөрчлөлт орсон ийм зарчмын шинэ бүтээгдэхүүнд хамаарах инновацийг суурь инноваци гэдэг/
- Сайжруулах шинжтэй инноваци
/Бэлэн бүтээгдэхүүн юмуу эсвэл ихээхэн хэмжээгээр боловсруулсан, мөн түүнчлэн үйлдвэрлэлийн шинэ аргыг эсвэл үлэмж хэмжээгээр боловсронгуй болгосон аргыг нэвтрүүлэхтэй холбоо бүхий инновацийг сайжруулсан инноваци гэнэ/
- Хуурмаг инноваци
/Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлт гаргаагүй, өнгө үзэмж төдийхөн өөрчилсөн, бүтэц, үзүүлэлт, чанар, үнэ өртөг, орц, бүрэлдэхүүн зэрэгт нь төдийлөн нөлөөлөөгүй, өөрчлөлт гаргаагүй бол хуурмаг инноваци гэж үзнэ/
Инновацийг шинэлэг байдлаар нь хуваахдаа бас түүний технологийн үзүүлэлт, мөн зах зээлд эзэлж буй байх суурийг нь хараглзан үзэж байна. Технологийн үзүүлэлт талаас нь:
- Шинэ материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, зарчмын шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж буй бүтээгдэхүүнүүд,
- үйлдвэрлэлийн шинэ технологи, автоматчиллын илүү өндөр түвшинг хэрэглэх, шинэ технологид тохирсон үйлдвэрлэлийг зохион байгуулах зэрэг шинжийг агуулсан процессийн инновациуд гэж хуваана.
Зах зээлд хир зэрэг шинэлэг байна гэдгээр нь дэлхий дахинд, улс орны хэмжээнд, тухайн байгууллага, үйлдвэртээ шинэ инноваци гэж ангилж байна.